조지 오웰의 고전문학,
국내서명: 1984

Английн зохиолч Жорж Оруэллийн Мянга есөн зуун наян дөрөв “Дистопи” зохиол нь анх 1949 онд хэвлэгдэн гарсан билээ. Энэхүү зохиолд тоталитар засаглалийн аймшигт урхагийг зөгнөн бичсэн бөгөөд хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлнэ. Мянга есөн зуун наян дөрөв романд дүрсэлснээр суртал ухуулга явуулсныхаа үрээр тухайн улс бүх иргэнийхээ амьдрал ахуй болоод бодол санаанд бүрэн хяналт тогтоогоод зогсохгүй, тэднийг өөрсдийнхөө бодлогын үүднээс л үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох арга журмыг хэрэгжүүлж байгаа нь дэлхийн утга зохиолд хэзээ ч хөндөгдөөгүй тийм л нарийн ширийн задлан дүгнэгдээгүй сэдэв юм.

Гол баатар Уинстон Смит сэтгэхүйн цагдаагийн газарт баривчлагдах ба түүний өдүүлсэн гэмт хэрэг гэвэл нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй итгэл үнэмшилтэй болж, хайр дурлалаа нуун хамгаалсан явдал аж. Намын гишүүн Уинстон Смит Үнэний яам буюу шинэ хэлээр Үнэняаманд түүхийн редакторын ажил эрхэлдэг. Түүхийн тэмдэглэлт үйл явдлыг өөрчлөн найруулж, тухайн цаг үеийн зураг дурсгалд засвар оруулах нь түүний үндсэн үүрэг. Ангсоц дэглэмтэй Далайн гүрэнд ганцхан үнэн оршдог бөгөөд тэр нь намын таалалд л үйлчилнэ. Хэзээ ч өөрчлөгдөж болох тэр л үнэнд итгүүлэх гэж тэд намын гишүүдэд хоёр сэтгэхүйг ухуулан сурталчлах нь айдас төрүүлэм.
Энэ л аймшигт харанхуй ертөнцөөс Смит ирээдүйд хаяглан тэмдэглэл хөтөлнө. Хүн байхын өчүүхэн хэлтэрхийг хүүхэд ахуй насны бүдэг бадаг дурсамж, зүүд нойрноосоо амссан тэрээр хүн төрөлхтний ухамсраас үнэний талд зогсох эрх чөлөөг Их ах, нам хулгайлж чадахгүй хэмээн нууцхан найдвар тавина. Гэвч түүнд найдвар тавих эрх чөлөө байсан гэж үү.